
Цаг хугацаа улиран өнгөрсөн ч фото зураг гээч гайхалтай зүйл хүний амьдралын олон сайхан дурсамжийг өөртөө хадгалж байдаг билээ. Ойрд янзлаагүй хувцасны шүүгээгээ янзлах санаатай онгичож байтал уутанд хийн нандигнасан өнгөрсөн амьдралыг минь сануулах тийм олон биш ч бас цөөнгүй хэдэн зураг гараад ирлээ. Он цагийн дарааллаар эмхлэн байрлуулсан хэдэн зураг минь нулимас нь нүдэндээ цийлэгнэн том улаан сандалны мухарт шигдсэн дөнгөж сууж сурсан боловуу гэмээр жоохон охины зурагнаас эхлээд айж гайхах зэрэгцсэн харцаар харан хөл дээрээ тогтож ядан зогсох охины зурагаар солигдон үргэлжилнэ. Намайг багадаа аймар уйланхай байсан гэсэн. Тэр ч үнэн юм шиг байнаа. Багын зургууд дандаа л айсан гайхсан царай...
Дараа нь өнөө жирмэгэр нимгэн уруулаа тас жимийсэн зургууд гарч ирлээ. Туулайн шүдэт гэдэг хочтой байсан болохоороо урд 2 шүднээсээ их ичдэг байж билээ. Тэгээд тэрийгээ харуулахгүй гэж уруулаа тас жимийж зурагаа авахуулдаг байсан байх. Энэ жирмэгэр уруултай зургууд нь ихэвчлэн 10 жилийн зургууд.
Үсэглэлийн баяраар авахуулсан ангиараа гурван эгнээ болон байрлалаа эзэлсэн зураг гарч ирлээ. Би О үсэг болж “О үсгийн дугариг цонхоор
Орчлон хорвоог тольдон харахад
Оргилуун хүслийн эхлэл болсон,,, ” гээд л 4 мөрт шулганан уншиж байсанаа бүүр түүрхэн санана.
Сумын төвийн жижигхэн сургуульд тэр нэгэн өдөр ааваараа хөтлүүлэн орсоноосоо хойш тэр л босгоор 2 намар хөөр баяраар дүүрэн алхан орж, 2 хавар багшдаа найзууддаа сэтгэл хоргодон гарсан.
Үсэглэлийн баярын өмнөхөн ангийнхаа тооны аваргыг шалгаруулна гээд хэдэн бодлого уралдаж бодоод хамгийн түрүүнд зөв бодож тооны аварга болж байлаа. Үсэглэлийн баяраараа “Тооны аварга” гэсэн үгсийн дор өөрийнхөө нэр зургийг хараад өөрөөрөө их л бахархан аав ээждээ магтуулахыг хүссэн ч тэд маань ажилтай гээд ирж чадаагүй болохоор аав ээж нь хамт ирсэн хүүхдүүдэд битүүхэн атаархаж зогссонсон.
2-р ангидаа сургуулийн даамны аварга шалгаруулах тэмцээнд ороод бага ангийн даамны аварга болчихоод 3,4-р ангийн ах эгч нараас мундаг гэж бодохоор өөрийн эрхгүй хүн бүрт гайхуулмаар санагдаж жижигхэн улаан гэрчилгээг өдөр бүр цүнхэлж явж байгаад хаа ч юм гээж санаа амарсан.
Манай тэнд говь газар болохоор их элстэй. Говийн зөөлөн шар элс хөл түлэм халуун байдаг. Өмсөж явсан сандал маань хөлнөөс санаандгүй мултарч элсэнд үлдээд эргэж олдоогүй. Тийм л их элстэй нутаг. Бороо орсны дараа бүх хүүхдүүд гадаа элсэн дээр тоглоно. Нойтон элсээр янз бүрийн юм хийж тоглох дуртай. Хангай газрын хүүхдүүд чулуу нтрээр айл гэр болж тоглодог бол говийн хүүхдүүд элсэн дээр гэрээ зурж айл гэр болж тоглоно.

Үе үе хөмүүл, хармаг түүхээр явна. Энэ бидний хувьд их сонирхолтой зугаатай ажил санагддаг байсан. Учир нь тэнд хонин гүрвэл, могой гүрвэл элбэг. Бид голчлон хонин гүрвэлээр тоглодог байлаа. Харин могой гүрвэлээс айдаг байсан. Яагаад гэдгийг нь харин санахгүйн байнөө. Хонин гүрвэлийг сүүлнээс нь барихад 4 мөч нь арвалзаад их л инээдтэй харагддаг.

Манай суманд том том цэргийн ангиуд байдаг байсан. Одоо санахнээ их л олон танк байдаг байсан. Цементэн явган хүний замын нэг талаар хэд хэдэн танкийг үзүүлэн болгон тавьсан байдаг. Бидний хэдэн хүүхдүүд тэр танкнууд дээр гарч суун аймшигийн юм ярих их дуртай. Тэр үед "Улаан туфле", "Улаан нүд" гэх мэтийн аймшигийн яриа мода болоод байлаа шд...

Улаанбаатарт нүүж ирээд 14 жил өнгөрчээ. Энэ хугацаанд сумандаа нэг ч удаа очсонгүй. Тэр газар миний унасан газар биш ч амьдралын минь 9 жил тэнд өнгөрсөн болохоор, хүүхэд насны сайхан дурсамжууд тэнд үлдсэн болохоор би тэр нутагт хайртай. Хязгааргүй үргэлжлэх мэт цэлийсэн талд алтан шар элс асгарсан, цэлмэг хөх тэнгэрт нь хааяахан нэг үүл нь үзэгддэг, ёроолгүй мэт шөнийн харанхуй тэнгэрт эрдэнийн шигтгээ шиг одод тодоос тод гялтагнан харагддаг.
Ганцхан удаа сургуульдаа очмоор, ганцхан удаа орон гэр минь байсан 5 давхар саарал байраа хармаар, ганцхан удаа хүүхэд ахуй үеийнх шигээ сумынхаа гудмаар тэнэмээр...
Амьдрал буцалж байсан тэр нутаг балгас болсон гэж сураг дуулдсан.
Одоо нэг иймэрхүү л...
