Pages

Wednesday, August 4, 2010

Өнгөрсөн амьдралдаа эргээд нэг зочилсон нь...

Хэзээ нэгэн цагт, саяхан дөө саяхан энэ айлын бэр, нэгэн залуугийн эхнэр гэгдэж явсанаа санахаар хэзээ ч байгаагүй зүйлийг ургуулан бодоод байгаа юм шиг, зүүд зэрэглээ шиг л санагдах юм...
Уг нь бол гэрийн гаднаас нь охиноо аваад явдын. Энэ удаа охин маань унтаж байна гээд намайг орж ирээд аваа гэлээ. Орох болсон бас нэгэн шалтгаан нь тэр залуу охин бид 3-ын авахуулсан зураг тэдний том өрөөний хойморт байдаг байсын. Тэр байрандаа байна уу гүү юу гэдгийг мэдэхийг хүссэн юм...
Орцоор орохоос эхлээл хуучны дурсамжууд нүдний өмнө жирэлзэж эхэллээ. Орцны нэг давхарт байрладаг энэ том толинд гарч орох бүртээ тэр залуу бид хоёр уралдаж хардаг байж билээ. Хоцорч ирсэн нь түрүүлж ирсэнээ шахаж байгаад л хажуугаас харна...
Цахилгаан шатанд оролоо... Яг л хэвээрээ байх юм. Хаалган дээр нь зурсан хэрээс яг хэвээрээ, Чийдэн байрладаг тэр хэсэг хайлж харлаад чийдэн нь наашаа бүлтийж гарч ирээд нуруулаг хүний толгойд нь хүрмээр доошоо унжана. Энэ цахилгаан шат тэр залуу бид хоёрын хоёулханаа байх боломжийг олгодог цөөхөн газруудын нэг байлаа. Дээшээ 5 давхар өгсөх хооронд өлмий дээрээ зогсон түүнийг хүзүүгээр тэвэрч зөөлөн уруулыг үнсэх дуртай байсансан. Заримдаа дэггүйтмээр санагдахаараа “энд амжуулчий, би хүсээд байнаа” гэж түүнийг оролдож байгаад ӨНӨӨХИЙГ нь өндийлгөчөөд “заза гэртээ орий” гэсэн юм яриад буучихаар “Би яаж ингээд \өмд нь цахилгаан хэсгээрээ товойж хатуурсан\ гэртээ орохынбэ? Жоохон байж байгаад оръёоо” гээл хошуугаа унжуулдаг байсан.
Цахилгаан шат 5 давхарт хүрч хаалга нээгдэхэд дотно биш ч танил хаалга намайг угтана. “Хаалга тогших уу? Хонх дарах уу?” гэж тээнэглэзэнгээ тэдний нохойг айхтар чанга хуцдагийг санаад охиноо зочоохоос эмээн хаалгыг нь зөөлөн тогшлоо. Жижигхээн биетэй байж муухай чанга дуутай тэр хав нохойг би анх харахдаа ганцхан удаа л яасан хөөрхөн амьтан бэ гэж бодож байсансан. Хаа сайгүй шээж \бүр орон дээр шээх дуртайг нь яаанаа\, хамаг гутлыг будаа болгодог тэр хавыг дахин хэзээ ч хөөрхөн амьтан гэж харж чадаагүй... Хаалга онгойн Түвшөө хэмээх 12 орчим настай тэр залуугийн үеэл дүү нь зогсож байна. Миний охиныг харж байсан байх нь... “Сайн уу дүү нь хэзээ унтсын?, хаана унтаж байгаан?” гэж асуунгаа хариултыг хүлээлгүй зочны өрөө рүү зүглэлээ. Хөөрхөн бяцхан охин минь бөх гэгч нь унтаж байлаа. Зөөлөн сэвлэг нь чийгтэй байх агаад түрүүн утсаар ярихад “усанд ороод сая унтлаа” гэсэн Түвшөөгийн үг санаанд орлоо. Манайд байхдаа өдөр огт унтддаггүй охиноо эднийд ирээхээрээ өдөржин унтдагийг гайхаад бардаггүй билээ. Хаа хамаагүй хүмүүсээр харуулаад байдаг болохоор муугаар боддогоо тэр залуугаас нуулгүй цухуйлгаж байсан удаа бий.
Охиныхоо хажууд сууж байгаад тэр өрөөг сайн ажлаа. Жил гарангийн өмнө миний орхин одсон амьдрал хэвээрээ харагдана. Охины 2 насны төрсөн өдрөөр авч байсан буйдан элэгдэж хуучраад сервант нь тоосондоо дарагдаж гундуухан харагдана. Намайг байхад чухам л ариун цэвэрчээ гайхан өөрийгөө магтдаг байсан тэр залуугийн ээж нь яагаад гэр орноо иймэрхүү байлгах болсоныг бага зэрэг гайхаж л байлаа. Би өөрөө үл үзэгдэгч болоод өнгөрсөн үед очсон юм шиг сайхан муухай бүхий л дурсамж нүдний өмнө жирэлзэн өнгөрнө. Анх тэднийд ирж байсан үе, юу ярихаа ч мэдэхгүй зурагт ширтэж байгаад л гарч билээ. Тэр залуу, түүний дүү бид 3 үүдний өрөөнд дээс тоглоод би хожиж билээ. Нэг удаа тэр залуу үрлэн сумтай буу авсын. Тэгээд орой нь нохой мохойгоо буудсан шигээ тоглож байсанаа сумаа тоолж тоолж сум дууссан гэж тооцоолоод киноны хэсгээс тоглохоор болж өөрийхөө толгойд тулгаж байгаад буудсан чинь нэг сум дутуу тоолсон бололтой жинхэнээсээ өөрийгөө буудаад уйлах дөхөж байсансан. Нэр орой утас дуугарахаар нь хартал тэр залуу залгаж байна.
Тэр залуу: Жижиг өрөөний цонхоор хардаа...
Би: Галаар зүрх мүрх зурчихсан байгаан биш бэээз...? гээд цонхоор хартал гражнаас ирж яваа харагдана.
Тэр залуу: Ороо засаад, Хөнжлөө дулаацуулаад байж байгаарай...
Би: Унтах болоогүй байна шдээ... \тэр залуугийн ээж нь өрөөнд байсан тул шивнэж хэлэв\
Тэр залуу: хэхэ, заза би орлоо... Захих юм байна уу...?
Би: Хөөх Мөнгөтэй байгаамуу? \2 оюутан мөнгөний бараа ховорхон хардаг байлаа...\
Тэр залуу: Захих юмаа хурдан хэл л дээ... нэгж дууслаа шд...
Би: Ямар ч байсан нэг сойз, өөр юу ч яахуу амттай юм... гэх мэтчилэн бодох бүрт нүүрэнд инээмсэглэл тодруулдаг сайхан дурсамж зөндөө бий... Мөн бодох бүрт зүрх хөндүүрлэх гунигтай урсамж ч олон.
“сайн нөхөр байж чадаагүйд уучлаарай, цаашид ч байж чадахгүй нь” гэдэг үгийг сонсохдоо хар дарж байгаасай л гэж бодож билээ. Тэр залууг өвдөг сөгдөж суугаад “Хоёулаа бүхнийг мартаж, бүхнийг шинээр эхэлье” гэдгийг сонсохдоо үнэн байгаасай гэж найдаж билээ... Энэ бүхэн миний хараал идсэн ӨНГӨРСӨН амьдрал...
Нэгэн цагт бие биенээ хайрлаж, хайраас ургах бяцхан охинтой болсон...
Мөн нэгэн цагт салж тус тусын замаар салан одсон...
Гэвч бидний зам охиноороо холбогдож байдаг...

Сервантан дээр тавьсан хэдэн жаазтай зурагнууд хэвээрээ л байх шиг. Охины цэцэрлэгийн шинэ жилээр хийлгэсэн нохойны өмсгөлтэй зураг, хэдэн сартайд нь авч байсан зураг нь, охины даахийг авсаны дараахан тэр залуугийн аав ээж, дүү гурав нь миний охинтой авахуулсан зураг, тэр залуугийн авга эгчийнх нь гэр бүлтэйгээ авахуулсан зураг... Гэвч тэр залуу охин бид гурвын миний төрсөн өдрөөр авахуулсан зураг алга... Дэндүү аз жаргалтай гарсан тэр зургийг байхгүй байх гэж гадарлаж байсан ч нүдээрээ хараад сэтгэл сэмрэх шиг. Би тэр айлаас явахдаа тэр залуутай холбоотой бүхий л дурсамжаа орхихыг хүссэн... Би түүний нэг ч зургийг авч яваагүй. Харин тэд ч бас надтай холбоотой бүх зүйлийг гаргаж хаяхыг хүссэн бололтой.

Охиноо унтаагаар нь хувцаслахаар хөнжлийг сөхтөл зүүн хөлний гуяан дээр юм гарчиж, баруун хөлний өвдөг нь шалбараад идээ татчиж... Дүрэлзсэн уур хилэн ухаан санааг минь эзэмдэх шиг... Түрүүчийн удаа охины минь цээжийг нэг хөхнөөс нөгөө хөх хүртэл нь юучгүй ураад нил сорви болгоцон байсан. Энэ удаа хөлийг нь....!!! “Хүүхдийн хөл бас яагаад урцынбэ” гэж ширүүхэн дуугарлаа... “Гадаа тоглож байгаад унасан гэсээн” гэж Түвшээ сулхан дуугарна. “Хараал идсэн малнууд ядаж идээг нь цэвэрлээд өгөхөд яадаг байнаа эрхлүүлэхээс өөр юм мэдэхгүй шүү” гэж дотроо бачимдан бодно... Салан одсоноосоо хойш охиноо эцгээс нь бүрмөсөн салгахыг оролдсон боловч охин маань өвөө эмээгээ санаж бэтгэрээд нүднээс гараад турж, эцээд байхаар нь арга буюу уулзуулж байх болсон. Гэвч тэдэнд охин минь ямар хүн болох нь огтхон ч хамаагүй мэт аашилна. Эрхлүүлэхээс өөр зүйл зааж өгөхгүй, ядаж шүдийг нь ч угаадаггүй болохоор санаагаар болдог бол тэднийх рүү огт явуулахгүй байхыг хүснэ.
Эднийд удаан суугаад байхыг хүссэнгүй бушуухан охиноо хувцаслаад гарлаа. Хамгийн сүүлд нэг найзтайгаа ирж эднийхээс хамаг юмаа хамж аваад явсанаа саналаа. Цахилгаан шатаар бууж байхдаа найз маань миний духан дээр зөөлөн үнэрлээд “Чи зүгээр биздээ? Дахиж ирэхгүй гэж найдья. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай” гэж билээ.
Тэдний гэрээс гарахдаа ч, цахилгаан шатнаас буухдаа ч, машиндаа суусан хойноо ч эргэж харахыг хүссэнгүй... Зүгээр л урагш харан итгэлтэй алхлаа... Энэ бол миний ОДОО ЦАГ...

0 comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа