Pages

Wednesday, August 4, 2010

Бахархахгүй байхын аргагүй...

Ээжийн тухай
Миний ээж эмч хүн...Бүр хүүхдийн эмч... Хүүхдийн эмч гэж ямар хэцүү ажилтай хүн болохыг цэл залуугаараа бууралтах миний ээжийг хараад л ойлгох байх. Жоохон байхдаа нэг хүн том юманд даруулсан байсныг ээж очиж тусламж үзүүлэхдээ орь дуу тавин ёолох тэр хүний энд тэнд нь дарж бүр чанга ёолуулан “энд дарвал өвдөж байна уу? Энд? Энд?” гэж асуух ээжийгээ хараад “Яагаад дарсан дараагүй өвдөж байгаа хүнийг улам их өвтгөөд байгаан болоо” гэж уур хүрч билээ. Би ээжийгээ эмч хийдэгт их дургүй байсан. Учир нь өдөржин ажиллаж ажиллаж гэртээ ирэхээр дахиал дуудагдаад шөнө дөлөөр ч хамаагүй гараад л явдаг. Эсвэл хүүхдээ тэвэрсэн сандарсан эцэг эх манай гэрийн хаалгыг сахиад суучихна. Баярын өдрүүдэд, Үсэглэлийн баяр, Эцэг эхийн хурал, хонхны баяр гээд миний амьдралын аль ч онцгой үеүүдэд ээж надтай хамт байгаагүй. Наадам хүүхдийн баяраар хүүхдүүд аав ээжтэйгээ хөтлөлцөөд баярлаж явахад би хоёр дүүтэйгээ гурвуулханаа хөтлөлцөж гүйдэгсэн.
Би өөрөө ээж болохдоо л ээжийгээ намайг төрүүлж өсгөх гэж ямар их зовсон болоо...? анх удаа бодож байсан. Аавдаа тамхи авдаг мөртлөө ээждээ чихэр авдаггүйгээ санан өөрөөсөө ичих шиг... Оюутан байхдаа охиноо төрүүлчихээд ядарч байна гэж ээж аавдаа эрхлэхдээ оюутан байхдаа 2 хүүхдээ төрүүлсэн ээж минь надаас илүү ядарсан байх даа гэж бодохоор ээжийгээ өрөвдөх шиг... Бүхий л залуу насаа гурван хүүхдээ хүний зэрэгтэй болгох гэж өдөр шөнөгүй ажиллаж ирсэн ээжийнхээ ачыг хариулж чадахгүй ч дахин зовоохгүй байх юмсан гэж хичээх боловч санасанаар болохгүй дахиад л зовоочихоод байх юм...
Миний ээж оффицер хүн... Десант эрээн хувцас, парад ногоон хослол, танкын хар гээд л хувцас бүхэн ээжид минь гайхалтай сайхан зохино. Цэргийн ангид эмч хийж байсан ээж маань ДЭСЛЭГЧ цолтой. Хэр баргийн эрийн авч амждаггүй дэслэгч цол миний ээжийн нэрний урд, мөрөн дээр нь бас бий. Цэргийн амьдрал гэдэг эр эм гэж ялгалгүй бүгд ижилхэн нэгэн удирдлаган мөр зэрэгцэн байдгийг хэр баргийн хүн мэдэхгүй байх. Буудахдаа сайн, Байгаа алддаггүй гэж нэг бус хүн ээжийг магтахад ээжээрээ маш их бахархаж байсан.
Миний ээж сайхан бүсгүй... Хэн ч харсан миний ээж монголжингоо сайхан бүсгүй. Хонгоо давсан хоёр салаа сүлжсэн гэзгийг нь харсан бүхэн дуу алдан шагширна. Ээжтэйгээ гудмаар явж байхад үсийг гайхсан, шагширсан, магтсан хүмүүс дуу алдан ард хоцорно. Таних танихгүй хүмүүсээс ээжийгээ их харамладаг. Эрчүүд нь ээжийг минь хоргоож, эмэгтэйчүүд нь атаархан ажина. Өндөр, гуалиг, царайлаг ээжээсээ юу ч авч төрөөгүй би азгүй...




Аавын тухай
Миний аав оффицер хүн. Эх орныхоо батлан хамгаалахын төлөө аравдугаар ангиа төгсөж цэрэгт явсанаас эхлээд тэтгэвэрт гартлаа үнэнчээр зүтгэсэн. Хэтэрхий шулуун шударга, няхуур, ажил хэрэгч зантай. Тийм болохоороо л МАНГАА гэдэг хочтой байсан байх. Жоохон байхын л аав маань гэртээ байхаасаа байхгүй нь их байлаа. Хээрийн сургуулилт гээд хэдэн сараар алга болдог. Би болон миний хоёр дүүг аав өсгөсөн гэдэг. Шөнө уйлсан ч аав босч хуурайлна, хоол, цайг аав хийж өгнө, бид гурвын хувцасыг амралтын өдрөөрөө ваннанд ус дүүргэж байгаад өдөржин угаана. Аавын маань ээж эрт бурхан болж өвөө ажилаа хийдэг болохоор аав дүү нараа хардаг байсан. Тэгээд л хүн асрах ажилдаа сайн байх. Ажлынх нь хүмүүс манайд ирэхээрээ их гайхдаг байсан. Ажил дээрээ Мангаа байж гэртээ ирэхээрээ охидуудаа эрхлүүлээд хэлээ хазаад байхаар аргагүй биз. Манайх хөдөө байдаг байсан. Аав тэнд томилогдсон болохоор ээж ч сургуулиа төгсөөд тэнд хуваарь авсан. Бидний амьдардаг байсан газар голцуу цэргийхэн амьдрах бөгөөд цэргийнхэн үе үе “ТҮГШҮҮР” зарладаг байсан. А гэдэг хүн түгшүүрийн дохио аваад Б-д хэлнэ. Б нь В-д хэлнэ гэх мэтчилэн тэр анги нэгтгэл богино хугацаанд бие бүрэлдэхүүнээрээ цуглах ёстой байдаг. Түгшүүр ихэвчлэн шөнө зарлагдана. Тэгэнгүүт байрны оффицеруудын хүнд алхаанд газар хөдөлж, байшин нурах нь уу гэмээр чимээ гардаг байсансан. Би аавын ажил дээр очих их дуртай. Цэргийн даргын охин гээд хүн бүрт надад сайн хандана. Цэргийн ангийн хоол гайхалтай сайхан. Хороо цэрэг хоолой нийлүүлэн жагсаалын дуу дуулах нь сайхан. Аавын минь командаар тэр олон эрс нэгэн зэрэг дуугарч, нэгэн зэрэг хөдлөх нь үнэхээр сүрдмээр... Миний үзэх дуртай хамгийн сайхан үйл явдал тангарагны баяр байлаа. Аав болон бусад бүх хүмүүс парад хувцасаа өмсөн сурсан бүхнээ гайхуулан, эх орондоо тангараг өргөнө. “Монгол улсын төлөө зүтгэе” гэх хүнгэнэсэн эр хоолойг би бишгүй сонссон. Аав ээж хоёр хээрийн сургуулилалтанд явахдаа хэд дэх өдөр ямар хоол хийж идэх хэрэгтэйг бүгдийг нь ба бэ гүй цаасан дээр ярайтал бичдэг байсан. Даваа гараг: Өглөө сүүтэй будаа, өдөр цуйван, орой гурилтай шөл гэх мэт...
Хэдэн жилийн өмнө аав маань тэтгэвэртээ гарчихаад гэртээ 2 жил суухдаа сэтгэлээр их унасан. Цэргийн хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Аргагүй биздээ насаараа өдөр шөнөгүй махран зүтгэчихээд гэв гэнэт гэртээ суугаад эхлэхээр хэцүү л байсан байх. Турж эцээд царай алдаад байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь чихрийн шижинтэй болон байна гэнэ. Аав ч насаараа өвчин тоочоогүй хүнд энэ мэдээ их хүндээр туссан. Өнөө маргаашгүй л үхэх гэж байгаа юм шиг ярьж “аав нь тураагүй байгаа дээрээ хэдүүлээ гэр бүлийн зураг авахуулъя” гээд л. Эмнэлэгт хэвтэж сахараа арай гайгүй буулгаж аваад сонингоос ажлын зар хайж эхэллээ. Дөч гарсан тэтгэврийн хүнд мэдээж ажил тийм амар олдохгүй. Тэгж тэгж нэг сүлжээнд яваад орчлоо. Чамгүй их мөнгөөр элсдэг доороо хүн элсүүлдэг сүлжээ гээл надад ярьж байнаа. Ээжээс айгаад хэлж чадаагүй байсын. Эхний цалингаа авчихаад ээжид хэлнэ гэж байсан. Аав ч сэтгэл санаа нь овоо сэргээд, өөртөө анхаарал хандуулаад, дуу шуу ороод эхэллээ. Би сүлжээ найдваргүйг мэдэх боловч тэгж их хөөрч догдолсон аавдаа юм хэлж чадсангүй. Өөрөө л гутрахгүй ингээд завгүй гүйж байвал яахав дээ ухааны юм бодсон юм. Тэтгэвэрийн зээл аваад дүүгийн нэр дээр давхар элсчлээ. Бүх найз нөхөд хамаатан садандаа нөгөө сүлжээгээ ярьж байгаад хоёр гурван хүн элсүүлчлээ. Анхны цалингаа аваад бөөн баяр. Бага дүүг дагуулж очиж зурагаа авахуулаад л. Орой нь ирж ээжд юу хийгээд байгаагаа яриад л, авсан цалингаа үзүүлээд л. Ээж ч бас баярлаад сүлжээнд нь элсье, ажлынхаа хүмүүст ч хэлж элсүүлье гээд л... Тэгж байгаад нэг сургалтанд суусаныхаа дараа “Сургалтанд нь суулаа. Хүн луйвардах талаар л зааж байна. Аав нь хүн луйвардаж чадахгүй нь” гэж билээ. Тэрнээс хойш тэр сүлжээний тухай А ч яриагүй.
Дараа нь Онжавынхаа \нэг онд цэргийн сургууль төгссөн хүн\ тусламжтайгаар нэг хувийн компанид хөдөлмөр хамгааллын инженерээр ажилд орлоо. Насаараа цэргийн дарга хийсэн хүнд энэ ажил маш амархан байлаа. Дарга нар нь ч аавын хэрхэн ажилладагыг харсан болохоороо хөдөө салбар хариуцуулан ажиллуулахаар болж цалин хөлсийг нь ч хангалттай өгөхөөр болов. Саяхан чөлөөгөөр 7 хоног ирэхдээ “Аав нь яг 2 жил ажил хийсэнгүй гэртээ суулаа. Одоо ажил ч жигдрээд сайхан байна. Цалин ч овоо авдаг боллоо. Хойтонгоос газартаа байшин бариад, тэрний хойтонгоос охиноо \миний охиныг ярьж байгаан\ сайн сургуульд оруулнаа. Миний охин одооноос ямар сургуульд оруулахаа судалж л байгаарай” гэв. Хөөрхийдөө миний муу аав. Гурван охин төрүүлж өсгөсөн нь багадаад одоо миний охиныг хүн болгох гэж хичээж байх юм.

1 comments:

Zev said...

Эхлээд нээснээ ямар ч их юм бичээ вээ? Гээд залхүү хүрээд хаах гэснээ жаахан уншсан чинь нэг мэдэхэд л дуусчихаж. Миний найз ч дажгүй бичсэн байна шүү. Сонирхол татаж байна

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа